Барлах урлаг зураасан зургийн биеэ даасан төрөл болон хөгжих нөхцөл Дорно дахинд манай эриний VI зуунаас, Өрнө дахинд сэргэн мандалтын эхэн үеэс бүрдэж эхэлжээ.Дорно дахинд бар зургийн урлагийг "дардас" хэмээх ойлголтоор нэршиж ирсэн. Хамгийн анх дэлхий дээр "дардас"-ын зураг буюу бар зургийн бүтээлийг туурвисан ард түмэн бол эртний Хятад улс юм. Хятадаас дамжин Япон, Энэтхэг, Түвд, Монгол зэрэг орнуудад бурхны шашин дэлгэрэх үетэй холбоотойгоор нэвтэрчээ. Ном хэвлэдэг модон самбарыг Түвдэд "пар" гэдэг нь монгол үгсийн санд "бар", "барлах" гэдэг үгээр шууд хэрэглэгдэх болжээ. Бар зургийг маш жижиг хэмжээнээс нэг метр хүртэлх хавтгай модон самбар дээр хамгийн энгийн дүрснээс эхлээд олон тэргүүн, мутартай догшин бурхад зэрэг нарийн зохиомж, дүр дүрслэлийг барлан сийлж, олон тоогоор олшруулж өргөн олны хүртээл болгодог байжээ. Эхлээд дүрслэх зүйлээ модон дээрээ урвуу буулган зурж дүрс зураасуудыг үлдээн бусад хэсгийг ухаж сийлээд, дараа нь муутуу /судар номын цаас/ торго, даавуун дээр улаан зос, хар бэхээр дардас болгон хэвлэж байв. 20-р зууны эхэн үед судар, номын чимэглэлийн зургийн хэрэгцээ өсөн нэмэгдсэнээр модон барын урлаг оргилдоо хүрэн хөгжсөн байна. Энэ үед манай нутаг модон барын 762 барханы газруудтай байжээ. Монгол ном судрыг модон бараар хэвлэдэг байсан халх, буриадын барханы газруудаас дурьдвал: Халхын их хүрээ, Заяын хүрээ, Үйзэн гүнгийн хийд, Маяхны хүрээ /Ховд/, Чойрын хийд /Дундговь/, Мөрөнгийн хийд /Хөвсгөл/, Өнийн хийд /Дорноговь/, Халхын сүм /Дорнод/ аймаг болно.



No comments:
Post a Comment