Thursday, December 16, 2010

занабазарын тухай

 Халхын анхдугаар Богд Жавзандамба буюу ард олонд Өндөр гэгээн хэмээн өргөмжлөгдсөн Гомбодоржийн Занабазар XYII-ХҮIII зууны үеийн монголын төр, шашны нэрт зүтгэлтнүүдийн нэг юм. Уран барималч, зураач, соён гийгүүлэгч Г.Занабазар монголын дүрслэх  урлагийн хөгжилд их хувь нэмэр оруулсан юм. Г.Занабазар дорно дахины бурхан дүрслэлийн тогтсон дэг жаягийг үндэсний уран сайхны сэтгэлгээгээр баяжуулан   хүний оюун ухаан, бие бялдрын яруу сайхныг  магтан дуулсан  бурхан дүрслэлийн монгол сургууль төдийгүй хүрэл цутгуур  урлагийг үндэслэжээ. Тэрээр  "цул цутгуурын нэрэх" аргыг нээсэн бөгөөд алт шармал хүрэл баримлыг   нэг ч гагнаасгүй цутгаж байв. Түүний  олон сонгодог  бүтээлээс гүн ухаан,гоо сайхан,бодь сэтгэлийн илэрхийлэл болсон "Язгуурын таван  бурхан",  "Цагаан дарь эх" баримлыг   музейд  дэлгэн үзүүлсэн бий. Г.Занабазар  "Монгол угсаатан өөрийн эрхээр орштугай" гэсэн утга бүхий  "Соёмбо" үсгийг зохиосон нь өнөө ч төрийн билэгдэл болон хэрэглэгдэж байна.
Занабазарын  уран  бүтээл буддын  гүн  ухаан ,  үлгэр  домгоос эх  сурвалжтай бөгөөд   угтаа  бурхны дүрээр  хүний оюун  ухаан  бие  бялдрын  гоо  сайхныг  магтан  дуулж,  нөгөө талаас  дундад зууны бурангуй  ёс,  муу  муухай  бүхнийг сэтгэлээрээ  тэвчиж,   ялах агуу их  хүч чадлын  ариун  дээд  илэрхийлэл  гэлтэй. Тэрээр   хүний амьдрал , тэмцлийн  нарийн  төвөгтэй  асуудал болон  аливаа нүгэл  хилэнцийн  эх  үндэс  гэгдэх,  уур  хилэн  мунхаг  харанхуй,  шунал тачаал ,  харам сэтгэл,  атаа  жөтөө  зэрэг   таван  хорыг  тэвчиж  ялах  сэтгэлийн  ариун  ёсыг  Язгуурын  таван  будда  хэмээх  цуврал   бүтээлдээ  уусган   шингээсэн  байдаг.
Бадамлянхуа  цэцэг  битүү  бүрхсэн  том  дугуй  суурин  дээр  очир  суудлаар  сууж,  бодит  ертөнцөөс тасран  ангижирч ,  бодол  сэтгэлээ хязгааргүй их   орон  зайн  бичил цэгт   төвлөрүүлэн ,  бясалгалын  дүрээр  цогцлон  байгаа   язгуурын  таван  буддаг  зэрвэсхэн  харахад  хоорондоо  маш  адилхан  боловч, гарынхаа  хөдөлгөөнөөр  эрс ялгаатай.
Харин  сайтар  ажиглавал  тэдгээр  дүрүүдийн  нүүрний  хувирал ,  нүдний харцанд  нэгэн  үе тодорч,  нэгэн  үе  арилж байгаа  цаглашгүй сэтгэлгээний  нарийн  төвөгтэй  бясалгал,  бодол санаагаа  зангидан  төвлөрүүдсан  их  орон  зайн  айзам,  хэмнэлийг  мэдэрч болно.  Мянган  удаа сонсоноос нэг удаа  үз  гэж  үг байдаг. Музейд  ирж  түүний  гайхамшигт  бүтээлийг   соёрхвоос   таны  оюунд  эрдэнийн  сангаас  хүртээх  буюу.

No comments:

Post a Comment